Хүмүүс бид анх төрөөд хаана хэрхэн өсч хүмүүжснээсээ хамаараад өөр хоорондоо харилцан адилгүй. Өндөр, нам, өргөн, нарийн, хар, шар, шударга, зальтай гэх мэт. Зарим нэг нь нээлттэй, чөлөөтэй байхад нөгөө хэсэг нь ичимхий ч юмуу хаалттай, дуу цөөтэй, нууцлагдмал магадгүй “доожоогүй” ч гэж хэлүүлэхээр хүмүүс.
Би гэдэг хүн даруухан гэж хэлэгддэг хүмүүсийн нэг “байсан” гэж өөрийгөө боддог (одоо бол өөрийгөө өөрчлөхийг хүсэмжлэгч). Аль бага 10 жилд суралцаж байх үедээ л олон нийтийн арга хэмжээ, олон хүн цугласан газар биеэ барьсан, бүрэг ичэмхий, даруу төлөв тийм л хүүхэд байлаа. Байнга л ангийн хамгийн даруухан хөвгүүн тодотголтой. Их сургуульд ороод ч мөн ялгаагүй. Гэхдээ бас ч гэж өөрийгөө чөлөөлөх гэж хэд хэдэн удаа оролдлого хийж байсаан. Урлагийн наадам, оюутны зөвлөл гээд л бага багаар олон нийтийн дунд өөрийгөө чөлөөлсөн. Гэвч одоог хүртэл хангалттай нээлттэй чөлөөтэй сэтгэлгээ дутмаг хэвээр. Үргэлж л ямар нэг зүйлд баригдаж, өөрийгөө хүлж бас хязгаарлаж, баруунханы хэлдэгээр “confort zone” дотроо.
Юу намайг ингэж хойш нь татаад байна вэ? Хариултыг нь олсон шүү (Тиймдээ ч би өөрийгөө өөрчлөхийг хүсэмжлэгч болсон юм) Хариулт нь өөртөө итгэлгүй зан минь байлаа – би чадахгүй ээ, тэд намайг тэнэг амьтан гэж бодно, миний хийх юм биш байна өө, тэр чинь зөвхөн лаг хүмүүсийн хийдэг ажил гээд л
Тэгвэл өөртөө итгэх итгэл гэгч яг юу юм бэ? Маш энгийнээр тайлбарлавал – өөртөө итгэх итгэл бол миний зорилгодоо хүрэх хөтлөгч хүч юм. Жишээ татах уу, би энэхүү блогоо 5 жилийн өмнө яагаад нээгээгүй вэ? Нийтлэл бичиж чадахгүй болохоороо, олны өмнө өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлхээс санаа зовсондоо, бичгээр илтгэх ур чадвар сул болохоор бусдаас ичиж зовсондоо, магадгүй бусдад шоолуулхаас айж хулчийсандаа… Тэгвэл яагаад блогоо нээчихэв? Яагаад гэвэл би бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэхийг зорьсон. Тиймдээ ч өөрийн блогоо нээж, нийтлэл бичиж тус зорилгодоо хүрч чадна гэж өөртөө итгэсэн болохоор. Маш энгийн :)
Бид бүгдээрээ л амжилтанд зорьдог. Бүх л төрлийн амжилт. Амжилтанд хүрэхэд олон төрлийн зүйл хэрэггүй юм шиг санагдсан. Зөвхөн зорилго, зорилгодоо хүрэх зорилтууд тэгээд таны ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ байхад л хангалттай. Юуг яаж хийвэл зорилгодоо хүрэх вэ гэдэг нь ТОДОРХОЙ байх тусмаа хэрэгжүүлэхэд хялбар байх болно. Энэ зорилтуудаа хэрэгжүүлсэнээр би зорилгодоо хүрч чадна гэж өөртөө итгэж өөрийгөө урамшуулж өөрийгөө сэдэлжүүлж чадвал зорилгодоо хүрж амжилт гаргах тийм ч хэцүү биш байх. Тийм болохоор өөртөө итгэх итгэл маш чухал шүү.
Би зорилгодоо хүрч чадна гэдэгтээ өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байна. Учир нь миний зорилго, зорилтууд маань тодорхой байгаа.
About these ads
No comments:
Post a Comment